МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах Монгол улсад шинээр байгуулагдсан Соёлын бодлогын глобал төв нэртэй төрийн бус байгууллагыг Бээжинд болсон CCTSS-ын хурлын үеэр танилцууллаа.
Энэхүү байгууллага нь цаашид CCTSS /Chinese Culture Translation and Studies Support Network/-тэй хамтран Монгол Хятад хоёр улсын соёлын солилцооны үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ажиллах юм байна. CCTSS-ээс зохион байгуулсан энэ удаагийн форум нь “Монголын хятад судлал болон Хятад Монголын сонгодог бүтээлийг харилцан орчуулах нь” хэмээх сэдэвтэй бөгөөд Хятадын талаас Хэвлэл мэдээллийн хүрээлэн, Төвийн найруулах орчуулах хэвлэлийн хороо, Хүүхдийн номын хороо, Ардын их сургууль, Бээжингийн их сургууль, Гадаад хэлний их сургууль, Урлагийн хэвлэлийн нэгдсэн хороо зэрэг байгууллагын төлөөлөл, Монголын талаас хятад судлалын эрдэмтэд, орчуулагчид болон Төв номын сан, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Зохиолчдын хороо, Олон улсын хүүхдийн номын ассоциацийн Монгол дахь салбарын удирдлагууд оролцож байна. Өнгөрөгч тавдугаар сард болсон Азийн соёл иргэншлийн чуулганы үеэр Ши Жиньпин даргын цохон тэмдэглэсэн "Дорнын болон хөрш улсуудтайгаа харилцан ойлголцлоо соёлоор дамжуулан гүнзгийрүүлэх” ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох энэхүү форумын үеэр Хятад Монгол хоёр улсын соёлын солилцооны тайлан мэдээллийг нэгтгэн дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж шийдвэрлэх юм. Хятадын CCTSS байгууллагын Монгол хэлний зөвлөл МҮОНТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан 2016 оны зургадугаар сараас хойш Хятадын 25 киног цэнхэр дэлгэцээр Монголын үзэгчдэд хүргэжээ. Мөн Монгол Улсын “Нэпко” хэвлэлийн газар Хятадын сонгодог зохиол бүтээлүүдээс бүрдсэн 10 номыг уншигчдынхаа гар дээр тавьсан байна. Энэ удаагийн форумын үеэр Монголын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хятадын соёлыг сурталчилж, сонгодог зохиолыг эх хэлнээ орчуулан хэвлэх ажлуудыг амжилттай хийж байгаагаа дурдаад одоо Монголын соёл хийгээд утга зохиолын шилдэг бүтээлүүдийг орчуулан Хятадын зах зээлд гаргах, сурталчлах ажлыг хамтран хийх шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Монгол хэлээрх зохиол бүтээлийг хятад хэлнээ орчуулах хөрвүүлэх ажилд мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байгаа нь энэхүү ажлын үндсэн бэрхшээл юм байна. Тус асуудлыг хоёр талын хүчин чармайлтаар хамтран шийдвэрлэх талаар санал нэгдэв. Мөн форумын Монголын талын ахлагч Б.Энхтүвшин 12-р сарын 1-3-ны өдрүүдэд Бээжин хотноо болох Монголын соёлын өдрүүдийн үеэр Хятадын кинотеатруудад гаргах монгол киног хятад хэлээр орчуулах, тайлбар /сабтайтл/ зүүлт хийх ажилд Хятадын талаас мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг хэрэгтэй байна гэв.
Форум Бээжин хотноо хоёр өдөр үргэлжилнэ.
2024-11-05
2024-11-04